Сургуулийн дүрэм

Багш, ажилчдын 2014 оны  11-р  сарын  05-ны  өдрийн                              

хурлаар хэлэлцэж батлав.

 

 

СУРГУУЛИЙН  ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1  Сургуулийн нэр : Хан-Уул дүүргийн 75 дугаар бүрэн дунд сургууль

1.2  Сургуулийн хаяг:.ХУД-ийн II хороо

1.3  МУ-ын боловсролын стандартаар тогтоосон  бага, суурь, бүрэн дунд түвшний боловсрол эзэмшүүлэх, ердийн хэв шинжтэй, өдөр, оройн хэлбэрээр боловсрол олгодог сургалтын байгууллага юм.

1.4 Сургууль нь үйл ажиллагаандаа Боловсролын талаарх төрөөс баримтлах бодлого Боловсролын тухай хууль , Бага, дунд боловсролын тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай, Хөдөлмөрийн тухай, Гэр бүлийн тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль,  Зөв монгол хүүхэд” гэх зэрэг үндэсний хөтөлбөрүүдийг удирдлага болгоно.

1.5 Сургуулийн үйл ажиллагааны үндсэн зорилт нь суралцагчдад боловсролын стандараар тогтоосон бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, хөгжих төлөвших үйл явцыг мэргэжлийн удирдлагаар хангах, зохион байгуулах, эцэг эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах, тэдэнд зөвлөн туслах, дэмжлэг үзүүлэхэд оршино.

1.6 Ерөнхий боловсролын сургууль (цаашид “Сургууль” гэх)-ийн үйл ажиллагааны үндсэн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх нийтлэг зарчим, бүрэн эрх, бусад байгууллага, иргэдтэй харилцах хэм хэмжээг тодорхойлж, сургуулийн үйл ажиллагааг зохицуулахад энэхүү дүрмийг баримтална.

 

 

Хоёр. Сургуулийн эрх үүрэг, сургалтын үйл ажиллагаа

 

2.1 Сургуулийн эрх, үүрэг

 

Сургууль нь Боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хуульд заасан чиг үүргээс гадна дараах эрх үүргийг хэрэгжүүлнэ.

  • Сургууль нь бие даасан хуулийн этгээд байх бөгөөд зохих журмын дагуу үйлдсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга, тэмдэг хэрэглэх ба өөрийн бэлгэдэлтэй байж болно.
  • Сургуулийн үйл ажиллагаанд холбогдох статистик, бүртгэл мэдээллийг бүрэн хөтөлж, ангийн журнал, суралцагч, төгсөгчдийн сурлагын дүн, боловсролын баримт бичиг нөхөн олголтын материал болон санхүүгийн тайланг архивт цаасан болон цахим хэлбэрээр хадгална.
  • Сургуулийн үйл ажиллагаатай холбоотой хуулиар хориглоогүй аливаа мэдээллийг суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчдад үнэ төлбөргүй өгч, мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг ханган ажиллана.
  • Сургууль нь хүүхдийн эрхийг дээдэлсэн, ардчилал, шударга ёс, ил тод байдал, хамтын удирдлагын зарчимд тулгуурлан үйл ажиллагаагаа зохион байгуулах ба хүүхэд хамгааллын тусгайлсан бодлого, дэд хөтөлбөрүүдийг боловсруулан мөрдөж ажиллана.
  • Сургууль нь сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах эрүүл, аюулгүй орчны талаарх стратеги төлөвлөгөөг боловсруулан мөрдөж ажиллана.
  • Сургууль нь сурагчдын зөвлөл болон хүүхдийн оролцооны байгууллагуудыг дэмжин ажиллана.
  • Сургалтын үйл явц, чанар, үр дүнд өөрийн үнэлгээ өгч ажиллана.
  • Сургууль нь хамран сургах тойргийнхоо суурь боловсрол эзэмших насны хүүхдийг сургууль завсардуулахгүй сургах, сургууль завсардсан хүүхдийг сургуульд буцаан суралцуулах ажлыг зохион байгуулна.
  • Сургуулийн удирдлагын мэдээллийн системийг бүрдүүлж, мэдээллийн нууцлал, аюулгүй ажиллагааг ханган ажиллана.
  • Сургууль нь хамран сургах тойргийнхоо суурь боловсрол эзэмших насны хүүхдийн судалгааг жил бүр шинэчлэн гаргаж, суралцагчийг элсүүлэх ажлыг нээлттэй зохион байгуулна.
  • Суурь, бүрэн дунд боловсрол эзэмшсэн төгсөгчдөд боловсролын баримт бичиг /гэрчилгээ, үнэмлэх/, сурагчийн хувийн хэргийг хүндэтгэлтэйгээр гардуулах, зөвхөн XII ангид “Эрдмийн баяр”, I ангид “Тайлант уншлага”-ыг зохион байгуулна.
  • Сургууль нь сургуулийн зөвлөл, эцэг эхийн зөвлөл, бага ангид ЭЭБХ \эцэг эх, багш нарын холбоо\-той байх бөгөөд зөвлөлийн дүрэмтэй байж болно. Дүрмийг нийт эцэг эхийн хурлаар баталж мөрдөнө.
  • Сургууль нь энэхүү дүрмээс гадна доорх дүрэм, журам, зааврыг боловсруулан мөрдөж ажиллана. Үүнд: Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээ, заах аргын нэгдэл, секцийн ажиллах журам, багш нарын ажлыг үнэлэх, дүгнэх журам, анги удирдсан багшид нэмэгдэл хөлс олгох журам, тэргүүний багш, сурагч, анги хамт олон шалгаруулах журам, өргөдөл гомдол хүлээн авах шийдвэрлэх журмыг хамт олны хурлаар хэлэлцүүлэн мөрдөж ажиллана.

 

 

2.2 Сургалтын үйл ажиллагаа

 

2.2.1 Сургалтын үйл ажиллагаанд хүчин төгөлдөр үйлчилж буй бага боловсролын шинэчилсэн цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх суурь, бүрэн дунд боловсролын стандарт, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан сургалтын талаар баримтлах бодлого, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, хичээлийн жилийн бүтэц, зорилго зорилтыг баримтлан ажиллана.

2.2.2 Сургууль нь сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу суралцагчдад бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлнэ.

2.2.3 Сургалтын үйл ажиллагаа нь суралцагчийн эрхийг хүндэтгэсэн, бие даан бүтээлчээр суралцах үйл явцыг дэмжсэн нас, бие, сэтгэхүйн хөгжлийн онцлогийг харгалзан суралцагчдад суралцах боломжийг адил тэгш олгосон байна.

2.2.4 Сургалтын ажил нь хичээл, хичээлээс гадуурх үйл ажиллагаа, амьдрах ухааны чадварт суралцах үйл ажиллагаанаас бүрдэнэ. Сургууль хичээлээс гадуурх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй ажиллана.

2.2.5 Бага, дунд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрт нийцүүлэн өөрийн онцлогийг тусгасан сургуулийн сургалтын хөтөлбөр боловсруулан мөрдөнө.

2.2.6 Сургалтын төлөвлөгөөний дагуу өөрийн сургуулийн онцлогийг тусгасан хичээлийн хуваарийг боловсруулж, баталгаажуулан мөрдөж ажиллана.

2.2.7 Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон нэг цагийн хичээлийн үргэлжлэх хугацааг сургалтанд мөрдөх ба хичээл хоорондын завсарлагааны үргэлжлэх хугацааг 5-10 хүртэл минут байхаар зохион байгуулна.

2.2.8 Суралцагчийн авьяас, чадварыг хөгжүүлэх, сонирхлыг дэмжих зорилгоор төрөлжсөн, гүнзгийрүүлсэн сургалт,сонгон суралцах хичээл, секц, дугуйланг хичээллүүж болно.

2.2.9 Сургалтын үйл ажиллагаанд мэдээллийн технологи, зайны сургалтын хэлбэрийг нэвтрүүлэх, сургалтын материал, хэрэглэгдэхүүний цахим сан, бусад програм хангамж ашиглах нөхцөлийг бүрдүүлж, тэдгээрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг ханган ажиллана.

2.2.10 Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журамд нийцүүлэн суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадварын ахиц амжилтыг сургалтын явцад, анги дэвших, сургууль төгсөхөд нь үнэлж дүгнэх бөгөөд сурлагын амжилтын дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх график, төлөвлөгөөтэй байна.

2.2.11 Сургуулийн гадаад, дотоод орчин, сургалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, бодис сурвалж, хэрэглэгдэхүүний хадгалалт, хамгаалалт,аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллана.

 

Гурав. Сургуулийн удирдлага, бүтэц зохион байгуулалт

 

3.1 Сургууль нь удирдлага,бүтэц,зохион байгуулалтын хувьд:

  • Сургуулийн зөвлөл
  • Багш нарын зөвлөл
  • Сурагчийн зөвлөл
  • Заах аргын нэгдэл, секц гэсэн бүтэцтэй байх бөгөөд сургуулийн өөрийн удирдлагыг сургуулийн зөвлөл, захиргааны удирдлагыг захирал, мэргэжил арга зүйн удирдлагыг багш нарын зөвлөл, сургалтын менежер, заах аргын нэгдэл эрхэлнэ.

 

3.2  Сургуулийн зөвлөлийн эрх,үүрэг

 

3.2.1 Сургууль нь сургуулийн зөвлөлтэй байх бөгөөд зорилго нь сургуулийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сургуулийн дотоод дэг журам, зохион байгуулалтын хэлбэрийг тодорхойлох, сургууль болон захирлын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих, үнэлэлт, дүгнэлт өгөх, зөвлөн туслах, сургалтын ажлын чанар, түвшинг сайжруулах санал боловсруулах, багш, суралцагч, ажилтны эрх ашгийг хамгаалахад оршино.

3.2.2 Сургуулийн зөвлөл нь багш, ажилтан, сурагч, эцэг эх, болон бусад байгууллагын төлөөлөл бүхий 9-11 хүний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргыг  хамт олны хурлаас сонгоно.

3.2.3 Зөвлөлийн үндсэн зорилго нь сургуулийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сургуулийн дотоод дэг журам, зохион байгуулалтын хэлбэрийг тодорхойлох, сургууль болон захирлын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих, үнэлэлт, дүгнэлт өгөх, зөвлөн туслах, сургалтын ажлын чанар, түвшинг сайжруулах санал боловсруулах, багш, суралцагч, ажилтны эрх ашгийг хамгаалахад оршино.

3.2.4 Сургуулийн зөвлөл нь сургууль хөгжүүлэх хөтөлбөр, стратеги төлөвлөгөөг боловсруулна. Сургууль хөгжүүлэх хөтөлбөрт үндэслэн тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж мөрдөнө.

3.2.5 Боловсролын үйлчилгээг хэвийн, тогтвортой явуулах нөхцөлийг хангасан зохион байгуулалтын бүтэц нэгжтэй байх бөгөөд түүнийг сургуулийн зөвлөл тогтооно.

3.2.6 Зөвлөл нь жилд нэг удаа хуралдан захирлын ажлын тайланг сонсож, үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгнө.

3.2.7 Сургуулийн зөвлөлийн бусад үйл ажиллагаа нь дүрмээр зохицуулагдана.

 

3.3. Багш нарын зөвлөлийн эрх, үүрэг

 

3.3.1 Сургуулийн багш нарын зөвлөл (цаашид зөвлөл гэнэ) нь сургуулийн болон сургалтын технологийн хөгжил, түүнтэй холбогдсон байгууллагын дотоод харилцааг зохицуулах асуудлыг шинжлэн мэргэжлийн санал дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий сургуулийн өөрийн удирдлагын мэргэжлийн зөвлөх байгууллага мөн.

3.3.2 Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь багш нарын зөвлөгөөний хурал байна. Багш нарын зөвлөгөөний хурлыг жилд 2 удаа шаардлагатай тохиолдолд ээлжит бус хуралдааныг зохион байгуулна.

3.3.3 Зөвлөлийн бүрэлдэхүүнд захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, багш нар орно. Зөвлөл нь дарга, нарийн бичгийн даргатай байна. Зөвлөлийн дарга нь сургуулийн захирал, нарийн бичгийн дарга нь сургалтын менежер байна.

3.3.4 Сургуулийн хөгжлийг тодорхойлох, сургалтын ажлын удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, сургуулийн хамт олны нийгмийн асуудал, аж ахуй, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар санал дэвшүүлэх, багш, сурагчийг үнэлж дүгнэх, удирдах дээд байгууллагын шагналд тодорхойлохоор нэр дэвшүүлж, санал гаргах

3.3.5 Сургалтын явцын болон анги дэвших шалгалтын төрөл, агуулга, арга хэлбэр, хугацааг хэлэлцэн товлох, улсын шалгалтын комисст нэр дэвшүүлэх, гүнзгийрүүлсэн болон төрөлжүүлсэн сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, элсэлтийн журмын төслийг хэлэлцэн санал, дүгнэлт гаргах

3.3.6 Суралцагчдыг анги дэвшүүлэх болон алгасуулан суралцуулах, улируулах, сургууль төгсөх, сургуулиас хасах мэргэжлийн санал, зөвлөмж гаргах, сургуулийн удирдах ажилтны ажлын тайланг хэлэлцэж, ажилд нь үнэлэлт дүгнэлт өгөх

3.3.7 Сургуулийн дүрэм, заах аргын нэгдлийн журам, эцэг эх, суралцагчдын болон байгууллагын дүрэм, суралцагчдын мэдлэг чадвар, төлөвшлийг үнэлж дүгнэх журам, гүнзгийрүүлсэн болон төрөлжсөн сургалтын төлөвлөгөө, хичэээлийн хөтөлбөр, хичээлээс гадуурхи сургалтын ажлын хөтөлбөр, багш нарын ажлыг үнэлж дүгнэх, мэргэшлийн зэрэг олгох дотоод журам, багш нарын мэргэжил дээшлүүлэх төлөвлөгөө, хөтөлбөр зэргийг хэлэлцэн батална.

3.3.8 Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, сургалтын ажлын тайлан зэргийг хэлэлцэн зөвлөх, сургалтын дэвшилтэд технологийг багш нарын үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, заах аргын нэгдлийн үйл ажиллагааг зохицуулах

3.3.9 Багш нарын зөвлөлийн бусад үйл ажиллагаа нь дүрмээр зохицуулагдана.

 

3.4 .Заах аргын нэгдлийн эрх, үүрэг

 

3.4.1 Заах аргын нэгдэл , секц нь багш нарын мэргэжил, заах аргын ур чадварыг дээшлүүлэх, ээлжит хичээлийн бэлтгэл хангах, хамтын ажиллагааны төв мөн. Мэргэжлийн багш нар өөрсдийн санаачлагаараа ажлын бүтээлч баг байгуулж болно.

3.4.2 Сургууль нь өдөр тутмын үйл ажиллагаагаа багш нарын заах аргын нэгдэл, хичээлийн төрлөөр анги бүлгээр зохион байгуулна.

3.4.3 Заах аргын нэгдэл нь анхан шат, байгалийн ухаан, нийгмийн  ухааны гэсэн нэгдлүүдтэй байна. Анхан шатны заах аргын нэгдэл нь I анги, II анги, III анги IY анги, Y анги гэсэн секцтэй. Нийгмийн ухааны заах аргын нэгдэл нь монголхэл уранзохиол, гадаад хэл, газар зүй, түүх нийгмийн ухаан,  хөгжим гэсэн секцтэй байна. Байгалийн ухааны заах аргын нэгдэл нь математик, мэдээлэлзүй,  физик, хими-биологи, технологи, биеийн тамирын  гэсэн секцүүдтэй байна.

3.4.4 Заах аргын нэгдэл нь багш нарыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулна.

3.4.5 Заах аргын нэгдэл нь багш нарын ажлын үр дүнг үнэлж, үр дүнгийн урамшуулал олгох хувийг тогтооход санал өгнө.

 

3.5  Сургуулийн захирлын эрх, үүрэг

 

3.5.1 Захирал нь сургуулийг захиргааны удирдлагаар ханган ажиллана. Захирал нь бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан нийтлэг эрх, үүрэг болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэхээс гадна дараах эрх үүргийг хэрэгжүүлнэ.

  • Захирал нь сургалтын үйл ажиллагааг удирдах, сургалтын эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх, боловсролын стандартыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцна.
  • Захирал нь холбогдох хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэрт нийцүүлэн сургуулийн үйл ажиллагааг зохицуулах дүрэм, журам, зааврыг боловсруулан багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн баталж мөрдүүлнэ.
  • Захирал нь сургуулийн өөрийн удирдлага, багш нарын зөвлөл, заах аргын нэгдлийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангахад дэмжлэг үзүүлж, шийдвэр гаргахад тэдний оролцоог хангаж ажиллана.
  • Захирал нь албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төр, эдийн засаг, шашны аливаа нөлөөлөлд орохгүй, багш, ажилчид, суралцагчдын эрх ашгийг эрхэмлэн ажиллана.
  • Захирал нь авлигын эсрэг хууль тогтоомжийг чанд мөрдөж, албан үүрэгтэй холбоотой аливаа үйл ажиллагаанд ашиг сонирхлын зөрчилгүй ажиллаж, сургуулийн батлагдсан төсөв, өмч хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулна.
  • Захирал нь сургалтын менежер, нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлага хангасан ажилтныг орон нутгийн боловсролын байгууллагатай зөвшилцөн томилно.
  • Захирал нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1086 дугаар захирамжаар баталсан өргөдөл, санал гомдлыг шийдвэрлэх журмын дагуу хүлээн авч судлан шийдвэрлэнэ.
  • Захирал нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх, захиргааны шуурхай удирдлагыг хангах, холбогдох асуудлаар шийдвэр гаргахад зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий захирлын дэргэдэх зөвлөлийг ажиллуулж болно.
  • Заах аргын нэгдэл секцийн ахлагч, анги, кабинет дугуйлан, секц удирдах багш нарыг багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн баталж, ажиллах журмыг тушаалаар баталж мөрдүүлнэ.
  • Захирал нь тухайн орон нутгийн боловсролын байгууллагаас гаргасан дүрэм журам, зөвлөмжийн хэрэгжилтийг ханган ажиллаж тайлагнана.
  • Захирал нь гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах, гамшгаас хамгаалах ажлын төлөвлөгөө боловсруулан мөрдөж ажиллана.
  • Захирал нь ажлаа сургуулийн зөвлөлд хагас жил дутамд тайлагнаж, санал зөвлөмжийг тусган ажиллана.
  • Захирал нь багш нарын зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийг баталгаажуулах хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
  • Захирал нь ажлын байрны шаардлага хангасан ажилтныг сонгон шалгаруулалтаар авч ажиллуулна.

 

3.6 Сургалтын менежерийн эрх, үүрэг

3.6.1 Сургалтын менежер нь ажлын байрны тодорхойлолт болон захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргийн дагуу багш нарыг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган  сургалтын өдөр тутмын үйл ажиллагааг удирдана.

3.6.2 Багш нарыг үндсэн болон төрөлжсөн сургалтад хамруулах замаар мэргэжлийг нь дээшлүүлж, ажлын байрандаа хөгжих нөхцөл бололцоог бүрдүүлнэ.

3.6.3 Сургалтын менежер нь боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг сургуулийн түвшинд хэрэгжүүлэх,  нэгж хичээлийн чанар, үр өгөөж, стандартын биелэлтэнд хяналт тавьж,  багшид мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, зөвлөн туслах, дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах замаар сургалтын чанарыг сайжруулах ажлыг хариуцан зохион байгуулна.

3.6.4  Сургалтын менежер нь багш нарын ангитай ажиллах үйл ажиллагаанд хяналт тавин ажиллана.

3.6.5 Хичээлийн хуваарийг улирал эхлэхээс 2 хоногийн өмнө хийж, баталгаажуулан багш нарын өрөө, сургуулийн коридорын самбарт байрлуулна.

3.6.6 Сургалтын менежер нь “Ном”, “Багшийн хөгжил”, “Цөм хөтөлбөр”, “Зөв Монгол хүүхэд”, Монгол бичиг, Англи хэлний үндэсний хөтөлбөрүүдийг өөрийн хөрс сууринд суулгах ажлыг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлнэ.

 

3.7 Багшийн эрх, үүрэг

3.7.1 Сургуульд Бага, дунд боловсролын тухай хуулийн 12.6 дах хэсэгт заасан багш болон бусад албан хаагчид ажиллана. Багш нь мэргэжлийн диплом, багшлах эрхийн үнэмлэхтэй

байна.

3.7.2 Багш нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг сургуулийн захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ. Багш нь сургуулийн үйл ажиллагаанд мөрдлөг болгох хууль, дүрэм журам, багшийн ёс зүйн дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана.

3.7.3 Багш нь Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйл, Бага дунд боловсролын тухай хуулийн 22 дугаар зүйл, ажлын байрны тодрхойлолтод заасан эрх үүргээсгадна дараах эрх үүргийг хэрэгжүүлнэ.

  • Суралцагчдыг ялгаварлан гадуурхахгүй байх, нэр төрийг нь хүндэтгэн хамгаалах, суралцагч бүрийн онцлог байдлыг хүлээн зөвшөөрч хүнлэг харьцах, өөрөө өөрийгөө хөгжүүлэх, бие хүн болж төлөвшихөд нь туслалцаа үзүүлэх, суралцагчийн бие даасан байр суурь,үзэл бодолд хүндэтгэлтэй хандана.
  • Суралцагчдын хүмүүжил,төлөвшилд анализ хийх, зөвлөх, сурагчдыг судлах, оношлох, төлөвлөгөө гаргаж ажиллана.
  • Хичээлийн 40 минутыг үр өгөөжтэй зохион байгуулах, хичээлийн үед утсаар ярих, бусад хүмүүстэй уулзах, сурагчийг гаргаж өөр зүйлд явуулах, хичээлээсээ хоцрох, завсарлагааны минутаас өмнө хичээлийг дуусгах, архи, мансууруулах бодис хэрэглэсэн байдалтай хичээл заахыг хориглоно.
  • Суралцагч болон түүний эцэг, эх, асран хамгаалагчдад шаардлага тавих, зөвлөгөө өгөх, хүүхдийн хөгжлийн талаар мэдээлэл хүргүүлэх, хүүхэдтэй ажиллах арга зүйг сайжруулахад туслах, сургалт зохион байгуулах
  • Багш нь анги удирдах, жижүүр багшаар ажиллах, хичээлээс гадуурх дугуйлан, секц хичээллүүлэх, хүүхдийн оролцооны байгууллага удирдан ажиллуулах, заах аргын нэгдэл, секцийн багш нартай хамтран ажиллах, удирдах, олимпиад, уралдаан тэмцээн зохион байгуулах, оролцох, илтгэл, ном, гарын авлага, зөвлөмж боловсруулах ,өөрийн мэргэжил ур чадвараа тогтмол дээшлүүлэх үүрэгтэй.
  • Багш нь ажиллах орчин нөхцөл, сургалтын хэрэглэгдэхүүн гарын авлагаар хангуулах, сургалтын үйл ажиллагаа, суралцагч,эцэг эх асран хамгаалагч болон бусад асуудлаар санал хүсэлтээ гаргах, сургуулийн захиргаа болон холбогдох шатны байгууллагаар шийдвэрлүүлэх эрхтэй.
  • Багш нь сургууль болон дээд шатны байгууллагаас зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцох үүрэгтэй.

 

3.8 Сургуулийн нийгмийн ажилтны эрх, үүрэг

 

3.8.1 Сургуулийн нийгмийн ажилтан нь багш мэрэгжилтэй, нийгмийн чиглэлээр боловсрол эзэмшсэн, тухайн чиглэлээр сургалтанд хамрагдсан ажилтан байна.

3.8.2  Анги даасан багшийн үйл ажиллагаанд зөвлөн тусалж, хяналт тавин ажиллана.

3.8.3 Жижүүр багшийн хуваарийг гарган баталгаажуулж, тэдний үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана.

3.8.4 Сургуулийн нийгмийн ажилтан нь ажлын байрны тодорхойлолт, боловсролын нийгмийн ажилтны нийтлэг жишиг, сургуулийн захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан эрх үүргийг хэрэгжүүлнэ.

3.8.5 Сургуулийн нийгмийн ажилтан нь хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн хүүхэд хамгааллын бодлого боловсруулах, нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээг суралцагч, тэдний гэр бүлд үзүүлэх, хүүхэд хамгааллын хамтарсан багийн бүрэлдэхүүнд ажиллана.

3.8.6  Сургуулийн нийгмийн ажилтан нь хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, хүүхдийн асуудлаар багшид зөвлөн туслах үүрэгтэй.

3.8.7  Сургуулийн нийгмийн ажилтан нь сургуулийн сурагчдын зөвлөлийг удирдах, сурагчдын болон хувь хүнтэй холбоотой асуудлаар анги удирдсан багш, сургуулийн захирал бусад холбогдох байгууллагатай хамтран ажиллах, тайлбар дүгнэлт гаргах, холбон зуучлах үүрэгтэй.

3.8.8  Сургуулийн нийгмийн ажилтан нь сургуулийн орчинд багш, сурагчид, эцэг эхийн харилцааны зөрчилтэй асуудлыг шийдвэрлэх, дээрх асуудлаар багш, ажилтан, эцэг эх, сурагчдад зөвлөн туслах үүргийг гүйцэтгэнэ.

3.8.9 Сургуулийн нийгмийн ажилтан нь ажиллах орчин нөхцөл, өрөө тасалгаа, сургалтын хэрэглэгдэхүүн гарын авлага сурах бичгээр хангуулах, сургалтын үйл ажиллагаа, суралцагч, эцэг эх, асран хамгаалагч болон өөрт хамааралтай бусад асуудлаар санал хүсэлтээ гаргах, сургуулийн захиргаа болон холбогдох шатны байгууллагаар шийдвэрлүүлэх эрхтэй.

3.9 Сургуулийн эмчийн эрх, үүрэг

 

3.9.1 Сургуулийн эмч нь ажлын байрны тодорхойлолт, сургуулийн захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан эрх үүүргийг хэрэгжүүлэхээс гадна дараах эрх үүргийг хэрэгжүүлнэ.

  • Сургуулийн хэв шинж, суралцагчийн тооноос хамаарч сургуульд эмч ажиллах ба эмч нь суралцагчдад эрүүл аж төрөх зан үйл төлөвшүүлэх, анги удирдсан багш, эцэг, эх, асран хамгаалагчтай хамтран суралцагчийн хувийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа зохион байгуулах, багш, ажилтан, суралцагчдыг үзлэг шинжилгээнд хамруулах, бие бялдрыг чийрэгжүүлэх, сургуулийн орчны эрүүл ахуй, хоол, хүнс, ундны цэвэр усны аюулгүй байдалд хяналт тавих ажлыг хүүхдийн эрхийн чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлнэ.
  • Эмч нь хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийн талаар гарсан хууль тогтоомж, хөтөлбөр, норм, норматив, стандарт, удирдамжийг сургуулийн хэмжээнд мөрдүүлэх, хэрэгжилтийг ханган зохион байгуулах, тайлагнах, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах үүрэгтэй.
  • Сургуулийн эмч нь ажиллах орчин нөхцөл, өрөө тасалгаатай байх, сургалтын үйл ажиллагаа, суралцагч эцэг эх, асран хамгаалагч болон өөрсддөө хамааралтай асуудлаар санал хүсэлтээ гаргах, сургуулийн захиргаа болон холбогдох шатны байгууллагаар шийдвэрлүүлэх эрхтэй.
  • Эмч нь сургуулийн өдөр тутам ариун цэвэр, байгууламжийн эрүүл ахуйн байдал, сурагчдын үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилт, хоол хүнсний аюулгүй байдалд хяналт тавьж ажиллана.

 

3.10 Нягтлан бодогчийн эрх, үүрэг

 

3.10.1 Сургуулийн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулж, батлуулна.

3.10.2  Батлагдсан маягт, зааврын дагуу нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргах, сургуулийн удирдлага болон санхүүгийн тайлан хэрэглэгчдийг цаг хугацаанд нь үнэн, зөв мэдээллээр хангах ажлыг зохион байгуулна.

3.10.3 Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох бусад материалыг шаардан гаргуулна.

3.10.4 Эд хөрөнгийн тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тогтоосон хугацаанд тооцоо нийлж, үлдэгдлийг баталгаажуулан баримтжуулна.

3.10.5 Эд хөрөнгө, өр төлбөрийн хүчин төгөлдөр бус баримтаар ажил гүйлгээг бүртгэхгүй байх үүрэгтэй.

3.10.6 Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид харшилсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзах эрхтэй.

3.10.7 Сургуулийн хөрөнгийн орлого, зарлагын баримт болон санхүүгийн тайланд ерөнхий  нягтлан бодогч 2 дугаар гарын үсэг зурна.

3.10.8 Сургуулийн удирдлага нь нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид харшлах үйлдэл гүйцэтгэхийг бичгээр шаардаж, гүйцэтгүүлсэн бол үүнээс үүсэх хариуцлагыг нягтлан бодогч хүлээхгүй.

 

3.11  Бусад ажилтан, албан хаагч

 

3.11.1 “Боловсролын туслах ажилтан” -д бүх шатны боловсролын сургалтын байгууллагын нярав, тогооч, манаач, үйлчлэгч, мужаан, цахилгаанчин, слесарь, үйлчилгээний бусад ажилтан хамаарна.

3.11.2 Үйлчилгээний ажилчид нь сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх ба ажлын байрны тодорхойлолт чиг үүргийн дагуу сургуулийн захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллана.

3.11.3 Сургуулийн ажилтан,  албан хаагчтай холбоотой үйл ажиллагаа нь бусад эрхзүйн акт дүрэм, журмаар зохицуулагдана.

 

Дөрөв .Суралцагчийн эрх, үүрэг

 

4.1 Суралцагч нь боловсролын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх үүргээс гадна дараах эрх үүргийг хэрэгжүүлнэ.

  • Суралцагч нь хичээлийн жилийн явцад өөр сургуульд шилжин суралцах тохиолдолд суралцсан хугацааныхаа сурлагын дүн, хөгжил төлөвшлийн тодорхойлолтыг хувийн хэргийн хамт сургуулийн захиргаанаас баталгаажуулан авна.
  • Сургуулийн орчинд бие махбод, сэтгэл санааны дарамт, хэл амаар доромжлуулах, ялгаварлан гадуурхагдах, аливаа хэлбэрийн хүчирхийллээс хамгаалуулах эрхтэй.
  • Суралцагч нь сургалтын хэрэглэгдэхүүн ном сурах бичиг, сургуулийн тодорхойлолт бусад үйлчилгээг үнэ төлбөргүй авах, секц дугуйлан хүүхдийн оролцооны байгууллага, хичээлээс гадуурх бусад үйл ажиллагаанд оролцох эрхтэй.
  • Сургуулийн дотоод үйл ажиллагаа, сурагчийн олон нийтийн ажилд өөрсдөө болон сурагчийн зөвлөлөөр дамжуулан оролцох, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сургалтын үйл ажиллагаа, багш, ажилтнуудын харилцаа, ёс зүй, өөрсдийн холбоотой асуудлаар санал, хүсэлт, гомдол гаргах, анги удирдсан багш , сургуулийн захиргаа, эцэг эхийн зөвлөлөөр шийдвэрлүүлэх эрхтэй.
  • Суралцагч нь сургуулийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, сургуулийн үйл ажиллагаа, зохион байгуулах ажилд саналаа тусгах эрхтэй.
  • Суралцагч нь бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмших үүрэгтэй.
  • Суралцагч нь сургуулиас гарсан дүрэм, журам шийдвэрийг биелүүлэх, сургуулиас зохион байгуулсан олон нийтийг хамарсан ажилд оролцох үүрэгтэй.
  • Суралцагч нь багш, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчийн оролцоотой сонгосон дүрэмт хувцасыг хичээлийн цагт тогтмол өмсөх, сургуулиас олгосон ном сурах бичиг, хичээлийн хэрэглэгдэхүүн, эд хогшилд ариг гамтай хандах үүрэгтэй.
  • Суралцагч нь сургуулийн удирдлага, багш ажилтан, сурагчдын тавьсан зүй ёсны шаардлагыг биелүүлэх, бусадтай соёлтой харилцах үүрэгтэй.
  • Суралцагч нь эцэг эх, анги удирдсан багш нартай байгуулсан гурвалсан гэрээний заалтыг биелүүлэх үүрэгтэй.
  • Суралцагч нь хичээлийн цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, хичээлийн цагт гар утас, цахим сүлжээг багшийн зөвшөөрөлгүй ашиглахгүй байх, бусаддаа зүй ёсны шаардлага тавих үүрэгтэй.
  • Суралцагч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас1 хоногийн чөлөөг анги удирдсан багшаас, 2-3 хоногийн чөлөөг нийгмийн ажилтнаас, 3-аас дээш хоногийн чөлөөг сургуулийн захирлаас авах, өвчилсөн тохиолдолд сургуулийн эмчээс чөлөө авах үүрэгтэй.

 

Тав. Эцэг эх, асран хамгаалагчийн эрх, үүрэг

 

5.1 Эцэг эх, асран хамгаалагч нь Боловсролын тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэхээс гадна дараах эрх үүргийг хэрэгжүүлнэ.

  • Сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх, сургалт хүмүүжлийн ажил, чанар, үр дүнг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, сургуулийн эцэг эхчүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Эцэг, эхийн зөвлөл”-ийг байгуулж, ажиллуулах эцэг, эхийн зөвлөлийн ажиллах журмыг нийт эцэг, эхчүүдийн хурлаар батална.
  • Сургуулийн үйл ажиллагаа, үйлчилгээний талаар үнэлгээ өгөх, сайжруулахын тулд өөрийн санал бодлоо илэрхийлэх, багш болон бусад ажилтнуудад зүй ёсны шаардлага тавих, хяналтыг зохих ёсоор хэрэгжүүлэх эрхтэй.
  • Эцэг, эхчүүд нь сургуулийн эцэг эхийн зөвлөл, удирдлага, анги удирдсан багш ,эцэг эхчүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр хүүхдийг хөгжүүлэх, хүүхдийн сурч хүмүүжих таатай орчинг бүрдүүлэх зорилгоор тодорхой зохион байгуулалттай ажил, санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар өөрийн санаачлагаар оролцох эрхтэй.
  • Сургуулийн үйл ажиллагаа багш, ажилтнуудын харилцаа, ёс зүй, үйлчилгээ, өөрийн хүүхэдтэй холбоотой асуудлаар санал, хүсэлт, гомдлыг гаргах эрхтэй төдийгүй эхний ээлжинд анги удирдсан багш, сургуулийн захиргаа, эцэг эхийн зөвлөлөөр шийдвэрлүүлэх эрхтэй.
  • Сургуулийн үйл ажиллагаа, орчин, норм норматив, хууль тогтоомж, дүрэм журмын талаар үнэлгээ хийх, үр дүнг эрх бүхий байгууллагад хүргэх, санал гаргах эрхтэй.
  • Боловсролын тухай Хууль тогтоомж, сургуулийн үйл ажиллагаанд баримтлах бусад дүрэм, журам, заавар, гурвалсан гэрээний заалтыг биелүүлэх үүрэгтэй.
  • Хүүхдийнхээ хөгжил, сурах үйл ажиллагаанд туслах, мэдлэг, ур чадвар эзэмшихэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, тэдний сурсан зүйлийг бататган хөгжүүлэхэд анхаарал тавих үүрэгтэй.
  • Эцэг эхчүүд сурагчдын дүрэмт хувцас, ном сурах бичиг , хичээлийн бэлтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд анги, сургууль хамт олны зүгээс зохион байгуулсан хурал болон бусад үйл ажиллагаанд тогтмол оролцох үүрэгтэй.
  • Эцэг, эх нь өөрийн хүүхдийн хувийн онцлог, хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжлийн байдлыг тогтмол хянаж, АУБ болон сургуулийн захиргаатай холбоотой ажиллана.
  • Эцэг эх нь сургуулийн үйл ажиллагаа, хүүхдийн хөгжил, сурч, хүмүүжих орчинг сайжруулах зорилгоор эд материал, санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлэх эрхтэй.
  • Эцэг, эхийн хүлээх бусад нарийвчилсан эрх, үүрэг нь бусад холбогдох хууль дүрэм, журмаар зохицуулна.

     

    Зургаа. Санхүүгийн болон материаллаг нөөц

     

    6.1 Сургууль нь Боловсролын тухай хуульд заасан эх үүсвэрээс санхүүжих бөгөөд батлагдсан төсөв, түүний зарцуулалт, ашглалт, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийн талаар багш, ажиллагсад, эцэг эх, олон нийтэд ил тод нээлттэй мэдээллэнэ.

    6.2 Сургууль нь хичээлийн танхимаас гадна осол аюулгүйн болон эрүүл ахуйн дүрмийн дагуу тоноглосон хичээлийн төрөлжсөн кабинет, лаборатори, номын сан, уншлагын танхим, багш болон хүүхэд хөгжлийн төв, биеийн тамирын заал, талбай, ногоон байгууламж, эмчийн өрөө, цайны газар, захиргаа, аж ахуйн өрөө тасалгаатай байна.

    6.3 Сургууль нь холбогдох мэргэжлийн байгууллага баталгаажуулсан эдэлбэр газрыг биеийн тамир, хичээл туршлагын болон тоглоомын талбай байгуулах зэрэгт ашиглана.

     

    Долоо. Сургуулийн үйл ажиллагаанд хориглох зүйл

     

    7.1 Сургууль дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

  • Сургуулийн удирдлага, багш, ажиллагсад, суралцагч нь өөр хоорондоо сэтгэл санаа, эд материал, бие махбодын аливаа дарамт үзүүлэх, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхах, суралцагчийг өөр сургуульд шилжин суралцахыг шаардах зэргээр сургалтын үйл ажиллагаанаас завсардуулах, сургууль, багшийн зүгээс албан ёсны зөвшөөрөлгүй ном, гарын авлага, цахим болон бичмэл материал,бусад зүйлийг зохион байгуулалттайгаар худалдан авахыг шаардах
  • Сургууль болон сургуулийн орчинд архи, мансуурах бодис хэрэглэх, хэрэглэсэн байдалтай явах, бусадтай зүй бус харьцах, тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байх
  • Хууль тогтоомжоор хориглосон бусад үйл ажиллагаа
renova open renovar passaporte
НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН Л.ЭНЭБИШИЙН НЭРЭМЖИТ 75-Р ДУНД СУРГУУЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМСургуулийн дүрэм
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 1
Өнөөдөр зочилсон 3347
Энэ 7 хоногт 384
Энэ сард 3196
Нийт зочилсон 116583

 Утас

Гар утас : 11341071, 98655248
Email : Facebook хаяг: ХУД 75-р сургууль

 Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, ХУД, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, То вангийн гудамж
Хан-уул дүүргийн Л.Энэбишийн нэрэмжит 75-р сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC